Даваасамбуугийн Гэрлээ: Хүүхдийн төлөө хийсэн бүхэн буян болдог гэж би хэлэх дуртай


Уншсан: 631 | Сэтгэгдэл: 2
 

Овог нэр: Даваасамбуугийн Гэрлээ
Төрсөн он, жил: 1974. Бар жилтэй
Боловсрол: Дээд
Төгссөн сургууль: УБ хот Цэцэрлэгийн багшийн коллежийг 1995 онд,
МУБИС-ийг 2005 онд тус тус төгссөн.
Мэргэжил: “Сургуулийн өмнөх хүүхдийн сурган хүмүүжүүлэх зүй,
сэтгэл судлал”, “Боловсролын удирдлага” мэргэжилтэй.
Боловсролын зэрэг: Бакалавр, магистр
Мэргэжлийн зэрэг: Тэргүүлэх


-Танай цэцэрлэг өнгөрсөн онд 50 жилийнхээ ойг тэмдэглэсэн гэсэн. Ойг угтаж хийсэн бүтээлч ажлаас эхлэн ярилцах уу?
-Манай байгууллага түүхэн 50 жилийнхээ ойг 2011 оны 6 сарын 20-нд тэмдэглэсэн. Сумынхаа төрийн тахилгат-Богд хайрхан уулыг тайх ёслол, Ардын хувьсгалын 90 жилийн ой, Цэцэрлэгийн минь 50 жилийн ойнууд давхцан ард олон өргөн дэлгэр тэмдэглэсэнд бид ихэд бэлгэшээн баярласан.
Манай ажилтан бүр таван бүтээлч ажил санаачлан, байгууллагын хайс хамгаалалтыг засч сайжруулан, орчныхоо ззэмшил газрыг элсний нүүдлээс хамгаалж ойр орчны элсийг зөөн, явган хүний зам тавьсан. Хүн бүр 10 мод тарьж, цэцгийн мандлаа сэргээсэн. Мөн 50 жилийн ойд зориулан ном гаргасан. “Багачууддаа туслая” ном хэвлүүлсэн гээд 50 бүтээлч ажил хийж, сум орны хөгжилд зохих хувь нэмэр оруулсан даа.     .
 
-Танай цэцэрлэг бусад цэцэрлэгээс юугаараа онцлог вэ?
-Манай цэцэрлэг үндсэн 4 бүлэгтэй. Баянбүрд багийн салбар цэцэрлэгтэй. Нийтдээ 150 орчим хүүхдийг цэцэрлэгээр байнга сурган хүмүүжүүлж байна. Хувилбарт сургалтыг “Ээлжийн бүлэг, явуулын багшийн, нүүдлийн бүлгийн сургалт”-аар жил бүр зохион байгуулж, алслагдсан багийн малчдын 140 орчим хүүхдэд хүрч үйлчилэн хармран сургалтыг 98 хувьд хүргэсэн.

 
 
Байгууллагаа хөгжүүлэх хэтийн төлөвлөгөөтэй. Стратеги бүтцийн загвараа 2020 оноор, урт болон дунд хугацааны стратегийг 3-5 жилээр тус тус төлөвлөн хэрэгжүүлж байна.
Энэ дагуу сургалтын тохиолог орчныг бүрдүүлсэн. Багш нар багаар ажиллан “Багачууддаа туслая” ном, зөвлөмж, гарын авлага, СD зохиож, тэдгээр оюуны бүтээлээ анх удаа нийтийн хүртээл болгосон. Бүсийн сумдын цэцэрлэгүүдтэй хамтын ажиллагааг өргөжүүлж байгаа.
2011 оны “Шилдэг хамт олон”-оор аймагтаа шалгарсан. Үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ “А” үнэлгээтэй биелүүлдэг болов. Цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар эцэг эхийн сэтгэл ханамжийн судалгааг авахад 100 хувьтай дүгнэгдсэн. Нэмж хэлэхэд 50 жилийн түүхэн номоо гаргасныг дээр ярьсан.
Товчоор хэлбэл манайхан бүтээлч, ажилсаг хичээнгүй, багаар ажилладаг чадварлаг хамт олон болж төлөвшсөн гэж болно.
 
-Байгууллагынхаа эрхэм зорилго, уриа, зорилтоос сонирхуулна уу?
-Манай байгууллага нь “Хүүхдээ дээдлэн, багшаа тасралтгүй хөгжүүлэх замаар сургалтын ээлтэй, нээлттэй орчинг бүрдүүлж, хугацаанд нь хүртээмжтэй, чанартай үйлчлэхэд оршино” гэсэн эрхэм зорилготой ажиллаж байна. Мөн “Хүүхэд бүрт хүрч үйлчилье” гэсэн уриатай ажилладаг. Бид алсын хараагаа “Чадварлаг боловсон хүчний ололт амжилтаар дамжуулан сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ, үйл ажиллагаагаараа аймагтаа тэргүүлэн зүй ёсоор үнэлэгдэхэд эрмэлзэнэ” гэж томьёолсон. Энэ бол аймагтаа тэргүүлэх цэцэрлэг болохыг зорьсон хэрэг.
 
-Эцэг эх, хүүхэд, багш нарт зориулсан сургалтын хэрэглэгдэхүүний хувьд...
-Манай багш нар 2011 онд цэцэрлэгт хамрагдаггүй малчдынхаа 4-5 настай хүүхдүүдэд зориулсан “Багачууддаа туслая” дасгал ажлын ном, эцэг эхэд зориулсан зөвлөмж, СD хичээлийг иж бүрэн боловсруулан аймгийн хэмжээний 30 цэцэрлэг, 20 багт түгээсэн.
 
-Баянмандал бүсийнхээ сумдын цэцэрлэгүүдтэй хэрхэн хамтарч ажиллаж байна?
-Аймгийн ИТХ-ын шийдвэрээр Баянмандал бүсэд Бөмбөгөр, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг сум хамрагдаж, манай Бууцагаан сумыг энэ бүсийн төв болгосон. Манай бүсийн сумдын цэцэрлэгийнхэн СӨБ-ыг хөгжүүлэх, багаараа ажиллах талаараа бусад бүсдээ туршлага болохуйц үлгэр жишээ ажиллах гэж чармайдаг. Жил бүр Баянмандал бүсийн СӨБ-ынхны уулзалт, семинар зохион байгуулан, туршлага солилцон, ур чадварын уралдаан тэмцээн зохион байгуулж, багшаа, тогоочоо, туслах багшаа чадваржуулан, дэмжиж ажилладаг.
Энэ завшааныг ашиглан хамтран ажилладаг Баянмандал бүсийн Бөмбөгөр, Хүрээмарал, Баянбулаг зэрэг сумдын мэргэжил нэгт цэцэрлэгийн ажилтан, албан хаагч нартаа ажлын амжилт хүсч, амьдралд тань аз жаргал дүүрэн, гэр бүлд тань эрүүл энх, сайн сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
 
 
 
 
ЧУУЛГА УУЛЗАЛТААР МАНАЙ ЦЭЦЭРЛЭГ 110 САЯ ГАРУЙ ТӨГРӨГИЙН
ХӨРӨНГӨ БОСГОЖ ЧАДСАН
 
-Саяхан танай сумынхан мастер төлөвлөгөөнийхээ хүрээнд хөрөнгө босгох чуулга уулзалтыг нийслэл хотод хийгээд ирсэн гэсэн?  
-Манай сум Мерси Кор Олон Улсын Байгууллага, тэдний сургагч багш нартай хамтран сумаа 2020 он хүртэл хөгжүүлэх “Мастер төлөвлөгөө”-г боловсруулан, төлөвлөгөөний хүрээнд 129 төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Өнгөрсөн 4 сарын 7-нд УБ хотод Гадаад харилцааны яаман дээр “Хөрөнгө босгох чуулган”-аа амжилттай сайн зохион байгуулаад ирсэн. Маш олон хүн цугласан, эрдэмтэн доктор, профессор, бизнесмен, УИХ-ын гишүүд гээд...
Сумын хэмжээнд 129 төслөөс 71 төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа чуулга уулзалтанд оролцогчод амласан. Нийтдээ 3,5 тэрбум төгрөгийн хөрөнгө босгосон. Энэ бол аймгийн хэмжээнд хамгийн их хөрөнгө босгосон сумаар тодорч байгаа.
-Таны хувьд олз омог ихтэй л биз?
-Манай цэцэрлэг 3 төслийг боловсруулан чуулганд танилцууллаа. Үүнд:
Нэг дэх төсөл маань: “Багш, эцэг эхийг хөгжүүлэх төв байгуулах” төслийг 11 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр боловсруулсан. Энэхүү төслийг нутгийн уугуул Нийслэлийн ИТХ-ын ажлын албаны дарга Магваны Халтар амлаж, хэрэгжүүлэхээр болсонд маш их баяртай байгаа. Төслийн гол зорилго нь багшаа ажлын байранд нь тасралтгүй хөгжүүлэх, улмаар эцэг эхээ хөгжүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэх юм. Төслийн үр дүнд: хөгжсөн багшаас хөгжсөн хүүхэд, хөгжсөн эцэг эх, гэр бүлд зөв хөгжил, төлөвшилтэй иргэн бий болгоно гэж үзэж байна.
 
-Хоёр дахь төслийн хувьд?
-Бидний санал болгож танилцуулсан хоёрдахь төсөл бол “Хүүхдийг цогцоор нь хөгжүүлэх танхим, цахим төв байгуулах” төсөл юм. Уг төсөл 4,5 сая төгрөгийн төсөвт өртөгтэй төлөвлөгдсөн. Хүүхдийг цогцоор нь хөгжүүлэх биеийн тамир, дуу хөгжмийн болон орчин үеийн хүүхдийн сонирхол, хэрэгцээг хангахуйц цахим төв байгуулахад төслийн зорилго чиглэгдсэн. Төслийн үр дүнд хүүхдүүд багаасаа эрүүл чийрэг бие бялдартай, зөв хөгжил, хүмүүжилтэй, чадварлаг, оюунлаг бие хүн болон төлөвшиж, сургуульд сурах бэлтгэлийг бүрэн хангахад чиглэгдэж байгаа. Энэхүү төслийг УБ хотын нутгийн зөвлөлийн дарга, Нармон ХХК-ний захирал Магваны Хүрэлсүх хэрэгжүүлэхээр амлаж авсанд маш их талархаж байна.
Энэ дашрамд дурдахад: М.Хүрэлсүх гуай нутагтаа махны үйлдвэр барих, малын тэжээлийн үйлдвэр байгуулах, хөдөө аж ахуйн цогц үйлчилгээг бий болгох чиглэлээр тэрбум 500 сая төгрөгийн хөрөнгө гаргахаар амласан. Энэ мэтээр төрж өссөн нутгаа хөгжүүлэх сэтгэл, зүтгэлтэй сайхан хүмүүс нэг дор цуглаж, олон санал хэлж, сэтгэл сэргэм сайхан санаачилгыг байсан даа. 
 
-Үнэхээр багш хөгжиж байж, хүүхдүүд хөгжинө гэдэгтэй санал нэг байна. Дараагийн төсөл ямар онцлогтой байна?
 
-“Цэцэрлэгийн гадна ногоон төгөл байгуулж, туршилтын болон тоглоомын талбай байгуулах” гэсэн 7,5 сая төгрөгийн төсөвт өртөгтэй төсөл байгаа. 
Төслийн гол зорилго нь: Цэцэрлэгийн гадна талбайн 1,2 га газрыг ногоон төгөл болгох, хүүхдүүдийн туршилтын болон тоглоомын талбайг байгуулах, хүүхдүүд орчноосоо сурч мэдэх, байгаль дэлхийгээ таних, бодитоор хүрч мэдрэх, багаасаа амьдрах ухаанд сурах, гоо зүйн хүмүүжилтэй болох, ургамлыг арчлах, тордох, хайрлах, хамгаалах үзлийг төлөвшүүлэх гээд маш олон зүйлийг цогцоор нь шийдэх боломжтой төсөл байгаа.
Энэ төсөл маань сумын өнгө үзэмжийг сайжруулаад зогсохгүй, аймгийн хэмжээнд загвар болохуйц орчныг бүрдүүлэх бөгөөд наад талын хугацаа гэхэд 2017 он, цаад хугацаа гэхэд 2020 он гэхэд биелэх боломжтой юм. Уг төсөлд асар их хөдөлмөр, хөлс хүч, хугацаа шаардагдах нь мэдээж.
          Энэхүү төслийн хүрээнд мод, бут, сөөг тарих, арчлах, ургуулах ажилд нь дэмжлэг, туслалцаа үзүүлэхээр ХХААИС-ийн Агробиологийн Сургуулийн Тэнхимийн эрхлэгч, Биологийн Ухааны доктор Ph. Даваасамбуугийн Ундармаа амласан. Мөн төслийн харагдах байдлыг макет загвараар хийж өгч, чуулганд танилцуулсанд чуулга уулзалтанд оролцогчдын сэтгэлд нийцэж байлаа.
Д.Ундармаа докторын хувьд сумын цэцэрлэгжүүлэлт, эмийн ургамлыг судлах, тарималжуулахад эрдэмтдийн багийг бүрдүүлж, лаборторид туршиж өгөхөд дэмжлэг үзүүлэхээ амласан.
Нийтдээ манай цэцэрлэг маань 110 гаруй сая төгрөгийн хөрөнгийг босгож чадлаа.
 
-Таны алсын бодол, санаа зовж явдаг зүйл юу вэ?
-Бидний хөгжүүлсэн хүүхдийн цэцэрлэг ирээдүйд улам өргөжин тэлж, хүмүүсийн эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн хангасан, хүүхдийг дээдэлсэн, ээлтэй байгууллага болж, түүхэн тэмдэглэлт дараагийн ойд Буянт нутгийн үсрэнгүй хөгжсөн, ирээдүйн иргэдийн суурь хөгжлийг хангасан, сайхан ирээдүй хүлээж байх болно гэдэгт миний бие эргэлзэхгүй байна.
 
-Таны бодлоор хүүхдийн ертөнц гэж юу вэ?
Хүүхэд гэдэг бол амьд бурхан
Хүүхэд гэдэг бол дэлхийн хаан нь юм
Хүүхдийн төлөө хийсэн бүхэн буян болдог гэж би хэлэх дуртай. Хүүхдээс байнга гэрэл гэгээ, зөв сайхан энерги цацарч байдаг. Ийм хүмүүстэй ажилладаг болохоор би их гэгээлэг, өөдрөг байдаг бөгөөд ажилдаа дуртай.
Хэдийгээр олон хүүхэд нэг дор байгаа учир тэднээс өвчлөх, анги танхим хүрэлцэхгүй байх, сургалтын тоног төхөөрөмж дутагдалтай гээд олон тулгамдаж байгаа асуудал бий л дээ. Ойрмогхон хугацаанд энэ бүхэн шийдэгдэн, бэрхшээлүүд арилах байх гэж найдаж байна.
Миний санаа зовж явдаг зүйл гэвэл: Боловсролын салбарын алдаатай бодлогоос үүдэн хүүхдийг хохироож, өөрсдийн гараар, өөрсдийн санаа бодол, үзлээр хойч ирээдүйгээ баллаж байгаад сэтгэл эмзэглэдэгдээ. Удахгүй энэ байдал үгүй болно гэдэгт итгэж байна. Монголын түм түмэн үрсийг гэгээлэг их сайхан ирээдүй хүлээж байгаа.   
 

-Танай цэцэрлэгийн ирээдүйн дүр зураг яаж төсөөлөгдөж байна?
-2015 он гэхэд манай цэцэрлэг аймагтаа “Загвар цэцэрлэг болох” төлөв ажиглагдаж байна гэдгийг баяртайгаар хэлэх байна. Түмний олон бяцхан үрсийн хайр, гэрэл гэгээ, энерги, эрч хүч байнга биднийг ивээдэг дээ. Тэд л аз жаргалтай, инээд баяр хөөр дүүрэн байвал бидний үйл хэрэг бүтэж байгаа нь тэр дээ.
-Илэн далангүй ярилцлага өгсөн танд баярлалаа. Цаашдын чинь ажил, үйлст өндөр амжилт хүсье.
 
Олон бүлт овогт Магваны Мянганбуу
2012 оны 4 дүгээр сар 24
 

Энэ мэдээ танд таалагдаж байвал SHARE хийгээрэй. Танд баярлалаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно.
Зочин



Нийт сэтгэгдэл: (2)
  • Зочин 2014 он 05 сарын 06
    202.170.94.xxx

    Тийм шүү. Ийм сэтгэлтэй хүн олон байгаасай

  • Зочин 2014 он 04 сарын 20
    112.72.11.xxx

    маш гоё юм өндөр сэтгэдэл төрж байна үнэхээр юм хийдэг эрхлэгч байна амжилт хүсье?



цаг агаар
18°C
27
зочин